Ангилал: Нийтлэл / эссэ /
Гэрлэн дохио ба хуульгүй МонголЭрт цагт нэг хаан олзлогдогсдыг төмөр ортой чацуулан хүлээд орноос илүү гарагсдыг цавчиж, орны уртад хүрээгүйг нь тэлж сунган тарчлаадаг байв гэнэ. Тэр хаан үүнийгээ тэгш, тэнцүү байдлыг хүсэж буйн илрэл хэмээдэг байж л дээ.
Өнөөдөр нийгэмшиж соёлжсон хүний хувьд эрх тэгш байдал гэдэг нь зөвхөн хууль үйлчлэх хүрээнд л байхаас өмч хөрөнгө, өндөр нам, бяр чадал, оюун ухаан, ажил төрөлд байх ёсгүй.
Пьер Верньо
Эрх зүйт төрийн гүн ухааны талаар зуун, зуун жил олон мянган сэтгэгчид номлосоор ирсэн билээ. Монголчууд бид тэр үед нь ичээндээ орон гүн нойрондоо манжийн дарлал, халх ноёдын дарангуйлалд нойрсож байсан бололтой. Хэдийгээр бид 1992 онд Үндсэн хуулиа батлан эрх зүйт төрийг байгуулсан авч өнөөх л консерватив үзэл байсаар л оршсоор л байна.
Төр бол дээд тэнгэрээс заяасан бурхан, тэнгэрийн элч хэмээн тахиж, төрийн тэргүүнээ тэнгэрийн хүү хэмээн өргөмжилж, төрийн сүлд минь өршөө хэмээн хаа сайгүй залбирах иргэд, бурханы дүрд хувиран өөрийн ашиг хонжоогоо биелүүлж буй эрхэм гишүүдтэйгээ он жилийг элээсээр байгаа Монгол хэзээ нэг эрх зүйт нийгэмтэй, эрх зүйн ухамсар, боловсролтой иргэдтэй жинхэнэ хүмүүнлэг, иргэний нийгмээ байгуулах юм болдоо.
Нэг удаа гудамжаар гарч явтал нэгэн замын цагдаа хотын төвийн замыг зохицуулж байна гээд бөөн түгжрэл болж байхыг харлаа. Өнөөх цагдааг хараад байвал зохицуулангаа, бусдыг торгож, том, том микронуудыг замын хажуугаар эгнүүлэн зогсоосноор нөгөө түгжрэл гарсан бололтой. Мөн нөгөө талаар түүний өмнөхөн Ерөнхий сайд маань тухайн замаар явах болсон тул бүхий л хөдөлгөөнүүдийг зогсоон замын ачааллыг нэмэгдүүлж орхижээ. Үүнийг хараад И.Кантын боловсруулсан эрх зүйт /Rule of law/ нийгмийн филисофи санаанд орж ирж билээ. Төрийн удирдлага бол хууль юм. Хууль нүдгүй, чихгүй байдаг. Тэрээр хэнийг ч өргөн, нарийн, өмчтэй, өмчгүй, дарга, цэрэг гэлтгүй ижил тэнцүү үйлчлэх учиртай. Дээрх явдлыг бодоод байвал замын цагдаа нэг талаараа шүүх, нөгөө талаараа гүйцэтгэх буюу засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлж, зарим үедээ Их хурлын гишүүний үүргийг давхар гүйцэтгэсэн учраас зам түгжирсэн бололтой. Энд хууль алга!
Тиймээ замын хөдөлгөөн бол нийгмийн хөгжлийн урсгал байдаг, түүгээр иргэд зорчдог. Замын хөдөлгөөнийг нийгэм хэмээн авч үзвэл, түүнийг зохицуулагч гэрлэн дохио нь хууль болох буйзаа. Тэгэхээр замын цагдаагийн зохицуулалт хэрэгтэй гэж үү? Монгол замын цагдаа нь замын хөдөлгөөний зохицуулдаг цөөхөн орны нэг. /аль аль талаараа/ Өнөөдөр та бидний хөдөлгөөн аль хэдүйн түгжирчээ. Гэрлэн дохио ажиллаж байгаа боловч замын цагдаа илүү эрх мэдлийг өвөртлөн зохицуулан, хэн нэгэнд нь илүү хандаж, хэн нэгэнд нь дутуу хандсан учраас түгжирч. Гэрлэн дохио таныг ялгаж байсан удаа байна уу? Хэмээн иргэдээсээ асууж байна. Хэрэв тийм бол би өөрийгөө гомдсонд тооцъё! Гэрлэн дохио таныг дарамталж байсан уу? Тэгвэл би өөрийгөө худал хэлсэнд тооцъё!
Тиймээ! Гэрлэн дохио нүдгүй, чихгүй шиг хууль нүдгүй, чихгүй. Та бүхэн гэрлэн дохионд захирагдахгүй бол нэг бол мөргөлдөнө, нэг бол торгуулна. / замын цагдаа зохицуулах бус гэрлэн дохио зөрчсөн этгээдүүдийн ухамсарт зөвөөр нөлөөлөх ёстой /
“Эрүүл саруул ухаанд итгэнэ гэдэг бол бид өөрсдийнхөө ухаанд төдийгүй бусдын ухаанд итгэхийн нэр ээ.
Ардчилсан улс оронд төрийн алдааны улмаас ардчиллыг буруутгана гэдэг туйлаас шударга бус явдал. Харин ч үүнд ардчилсан улс орны иргэд өөрсдийгөө буруутгах учиртай.
Гайхалтай шилдэг удирдагчийг олж чадна гэсэн сулхан найдвар дээр бид улс төрийн бодлогоо үндэслэх юм бол ёстой ухаангүй солиотой явдал болохсон.
Эрх мэдлийг худалдан авч болно гэж бодох нь мөнгөө хамгийн ашиггүй буруу зүйлд зарцуулах гэж буй хэрэг.
Хууль засаглаж байхыг шаардаж байгаа хүмүүс эрүүл саруул оюун ухаан засаглаж байхыг хүсэж байна гэсэн үг. Харин тодорхой хүн, магадгүй өөрсдийнхөөр нь сайн ухаантай гэж бодсон хувь хүнд итгэн, тэднээр засаглуулах ёстой гэж бодож буй бол тэдгээр хүмүүс үнэн чанартаа засаглалд эрүүл бус элемент оруулж үзэн ядалт, уур хилэн, атаа жөтөө, ашиг хонжоо гэх мэтийг хаанчлахад аятайхан зам нээж өгч байгаа хэрэг” хэмээн Карл Раймунд Попперын үгээр та бүхэнд эхлэл, бодрол үлдээхийг хүссэн билээ…………………..