Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Ц.Мөнхбат
2009-09-06
Р.Бурмаа: Хууль гэдэг түмэнд ээлтэй, төрийн түшмэлд хатуу байх ёстой
Р.Бурмаа: Хууль гэдэг түмэнд ээлтэй, төрийн түшмэлд хатуу байх ёстой
 
 

 -Харамсалтай нь манайд яг эсрэгээрээ явж байна-

“Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн Р.Бурмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нөхөн сонгуулийн бэлтгэл ажил аль хэдийн эхэлчихлээ. Танай намын ҮЗХ-гоор нэр дэвшигчийн асуудлаа шийднэ гэсэн. Та сонгуульд нэрээ дэвшүүлэх хэвээрээ юу?

-ҮЗХ-ны хурал есдүгээр сарын 20-доор болох байх. Сонгуулийг 18-ны өдөр зарлах учраас хуулиараа үүнээс өмнө нэр дэвшигчийн асуудал ярих боломжгүй. Хувийн бэлтгэлээ бол хийж байгаа.

-Нөхөн сонгуульд танай намаас хоёр нэр дэвшигч яригдаж байгаа. Нэг нь УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар. Танай нам энэ удаагийн сонгуульд хэр ач холбогдол өгч байгаа юм бол, өмнөх нөхөн сонгуулиудад төдийлөн ач холбогдол өгч оролцоогүй шүү дээ?

-Намын удирдлагуудтай уулзсан, нөхөн сонгуульд маш их ач холбогдол өгч байгаа. Нам доторх бэлтгэл ажлаа эхэлсэн, хуулийн хугацаа болоогүй учраас олон нийтэд хандсан ямар нэг ажил хийж болохгүй шүү дээ.

-Та 2008 онд анх удаагаа сонгуульд өрсөлдсөн, түүнээс хойш жилийн хугацаа өнгөрлөө, маш олон үйл явдлууд болж өнгөрсөн. Энэ удаагийн сонгуульд хэр итгэл найдвар тавьж байна?

-Би Чингэлтэйн тойргийн сонгогчдыг хүндэтгэж байна. Надад маш сайн санал өгсөн, ер нь бол сонгогдсон байхуйц хэмжээний санал өгсөн. Миний өмнө орсон хоёр хүнээс 200-500 саналын л зөрүүтэй байгаа. Харамсалтай нь Сонгуулийн ерөнхий хороо зөвхөн Чингэлтэй дүүрэг биш, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад сонгуулийн дүнд нөлөөлөхүйц хэмжээний булхай, луйвар хийсэн, энэ нь гурван шатны шүүхээр нотлогдсон зүйл. Тэгээгүй бол сонгуулийн дүн ямар ч гарах байсан юм билээ. Гэхдээ би СЕХ-ны эсрэг гаргаж тавьсан нэхэмжлэл, үндэслэлээ зөвхөн Чингэлтэй дүүргийн хэмжээнд гаргаагүй. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийг хамруулсан. Сонгуулийн санал авах өдөр Б.Баттулга дарга өөрөө шийдвэр гаргаад 48 мянган хүнийг хууль зөрчиж санал өгүүлсэн. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөлөхүйц хэмжээний зөрчил байна гэдгийг шүүх тогтоосон. Нэгд, надад итгэж, миний төлөө саналаа өгсөн сонгогчдоо хүндэлсний үндсэн дээр, хоёрдугаарт, долдугаар сарын 1-ний үйл явдал юунаас болсон юм, үнэхээр сонгууль луйвартай болсон юм уу үгүй юу гэдэгт хариулт авахын тулд жил гаруй шүүхээр явсан. Заргаа авсан. Шүүхийн энэ шийдвэр долдугаар сарын 1-ний жагсаал юунаас үүдэлтэй вэ гэдэг дээр албан ёсны хариулт өгч байгаа хэрэг. Хэн нэгэн Бурмаагийн үгээр биш, гурван шатны шүүхийн шийдвэрээр нь нотлогдсон зүйл. Маш олон хүнийг энэ асуудлаар байцаасан. Намайг хүртэл “Сонгуулийн дүн эцэслэж гараагүй байхад будилаантай сонгууль болсон гэж хэллээ” гэж байцаасан.

-Та тэр үед та ямар үндэслэл гаргасан бэ, үүнээс болж олон хүн хоригдсон шүү дээ?

-Би олон улсын сонгуулийн ажиглагчаар ажилладаг. Бусад оронд ч гэсэн сонгуулийн албан ёсны дүн гараагүй байхад тухайн сонгууль чөлөөт шударга сонгуулийн олон улсын стандартын дагуу явагдсан уу үгүй юу гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй хүн. Тийм учраас сонгууль луйвартай болсон гэдгийг мэргэжлийн хүний хувьд мэдээд хэлж байна. Үүнийхээ төлөө би эцсийг нь хүртэл явна гэдгээ хэлсэн.

-Шүүхийн шийдвэр яг хэдэнд гарсан бэ?

-Гурван шатны шүүхийн шийдвэр тавдугаар сард гарсан. Түүний дараа зургадугаар сарын 28-нд СЕХ-ны дарга Б.Баттулга Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид хамгийн сүүлийн давж заалдах гомдлоо гаргасан байна лээ. Түүнд нь “Гурван шатны шүүх үндэслэл бүхий үнэн зөв шийдвэр гаргасан байна” гэдэг хариуг ерөнхий шүүгч өгсөн. Үүнээс цааш давах боломжгүй болж байгаа юм. Тийм учраас би шүүхийн шийдвэрийг долдугаар сарын 1-ний хэргээр баривчлагдсан хоригдсон хүмүүст бас өгч байгаа. Хэргийг нь цагаатгахад нь нэмэр болох болов уу гэж. Сонгуульд ялж ялагдах асуудал маш бага саналаар шийдэгддэг. Ж.Батзандан жишээ нь мянга гаруйхан саналаар ялагдсан. Гэтэл Б.Баттулга даргын хуурамчаар санал өгүүлсэн хүний тоо хэд байгаа билээ. Тэгэхээр Ж.Батзандан гэдэг хүний “Сонгууль луйвартай боллоо” гэж хэлсэн нь ч гэсэн үндэслэлтэй байсан гэсэн үг. Харамсалтай нь Ж.Батзандангийн нэр дэвшигчийнх эрхийг зөрчсөн учраас шүүхээр явж чадаагүй. Нэр дэвшигч 14 хоногийн дотор СЕХ-нд өргөдлөө гаргах эрхтэй байтал тэр боломжийг нь өгөлгүй хорьчихсон шүү дээ. Өмнө нь би маш олон сонгуульд ажиглагчаар орж байсан. Гэхдээ сонгуулийг ямар муухай булхай луйвартай г юм бэ гэдгийг өөрөө сонгуульд орж байж л мэдэж байна.

-Шүүхийн шийдвэр яагаад жилийн дараа гарсан юм бэ?

-Чингэлтэй дүүргийн 22 хэсгийн хорооны зургаагийнх нь саналын дүн засвартай байна, хоорондоо дүнгээ нэгтгэхээр 1112 саналаар зөрж байна гээд баримтжуулаад тойргийн хороо, СЕХ-нд шийдүүлэхээр өгөхөд дарчихдаг. Аваад хэлэлцчих юм бол шийдвэр миний талд гарчих учраас зүгээр л зугатчихдаг. Тойргийн хорооны чинь эс үйлдлийг давж СЕХ-нд заалдахаар хариу өгдөггүй. СЕХ хариулахгүй байна Үндсэн хуулийн Цэцэд очихоор “Манайд хамаагүй”гэдэг. Шүүхийн харьяалал тогтоолгох гэхээр Улсын дээд шүүхээс асуу гэнэ, дээд шүүх нь “Манайд хамаагүй, Цэц шийдвэрээ гаргасан” гэдэг Ингээд л өөр хоорондоо бөмбөг шидээд байлаа шүү дээ. Нэр дэвшигчийн хувиар тойргийн хороонд гаргасан гомдлыг бол дээд шүүх, Цэц хоёр бие бие рүүгээ шидсээр байгаад өнгөрөөсөн. Харин СЕХ-ны даргын үйлдлийг бол яалт ч үгүй иргэний шүүх харьяаллаараа авсан л даа. Ингэж явсаар бүтэн жил өнгөрлөө.

-Харамсалтай нь шүүхийн шийдвэрээр Б.Баттулга даргад ямар ч арга хэмжээ аваагүй, харин ч “Эрдэнэт” үйлдвэрт боловсон хүчин эрхэлсэн захирлаар дэвшүүлэн зайлуулсан биз дээ?

-Анхан шатны шүүхийн шийдвэр нэгдүгээр сарын 04-нд гарч, Б.Баттулга даргыг буруутай гэж тогтоонгуут өөрөө өргөдлөө өгөөд чөлөөлөгдчихсөн. Ямар ч хариуцлага хүлээгээгүй. "Сонгуулийг бүхэлд нь будилуулсан байна, Үндсэн хууль зөрчих хэмжээний үйлдэл гаргачихаад байна, энэ нь шүүхээр тогтоогдлоо, арга хэмжээ авч өгөөч ээ гэхээр УИХ-ын төлөөлөл “Өргөдлөө өгөхөөр нь чөлөөлчихлөө, гайгүй шиг ажил олж өгөөрэй гэж Засгийн газарт даалгасан” гээд хэвлэлийн бага хурал дээр ярьж байсан шүү дээ.

-Шүүхийн шийдвэр ингэж гарсан ч гэсэн жагсаалд оролцсон хүмүүсээс нэг нь ч цагаатгагдаагүй. Маш цөөхөн нь өршөөлд хамрагдаж, Ерөнхийлөгчөөс уучлал хүртсэн. Ингээд орхиж болох уу?

-Х.Тэмүүжин гишүүн өөрөө санаачлаад энэ хэргийг судлах ажлын хэсэг байгуулаад явж байгаа юм билээ. Үүнд нь маш их баярлаж байгаа. Зургаа сарын 29-ний сонгууль хуулийн дагуу болсон юм уу үгүй юу, одоо болтол яагаад 76 дахь гишүүнийг УИХ-д оруулахгүй байгаа юм, СЕХ-ны энэ хууль бус үйлдлүүдийг чимээгүй хүлээн зөвшөөрөөд байх уу үгүй юу гэдэгт УИХ л одоо хариулт өгөх ёстой. УИХ ерөөсөө гурван чиг үүрэгтэй. Ард түмний төлөөлөх, хууль батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн тухай хууль хэрэгжсэн үү, сонгууль хуулийн дагуу явсан уу гэдэг дээр ч хяналт тавих ёстой. Дээр нь долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр хуулийн байгууллагууд яаж ажилласан бэ, онц байдал хуулийн дагуу зарлагдсан уу, түүний дараа олон хүн буудуулсан, шархадсан байна, хүүмүүсийг баривчлах явцдаа эрүүдэн шүүсэн байна. Энэ бүхэн чинь хуулийн дагуу явсан юм уу үгүй юу гэдэг дээр УИХ хариулт өгөх ёстой. Шүүх хараат бус байгууллага. Гэхдээ УИХ шүүхийг нэг л зүйл дээр хянах эрхтэй. Хуулийн дагуу ажилласан уу, хуулиа зөв хэрэглэсэн үү гэдэг дээр. Түүнээс биш болсон болоогүй баахан хууль бөөндөж гаргачихаад удалгүй нөгөөх нь болохоо байлаа гээд нөхөөс тавиад суудаг газар биш. Хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих ёстой. Ажлын хэсгийг харин ч оройтож байгууллаа. Гэхдээ ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцээд УИХ үгээ хэлэх байх гэж найдаж байна.

-76 дахь гишүүн тангараг өргөөгүй байгаа. СЕХ-ны дарга Б.Баттулга байхдаа нэг хууль зөрчсөн тогтоол гаргачихаад явчихсан, одоо түүнийг нь засах гэхээр МАХН-ынхан олонхи учраас болдоггүй гэсэн?

-Олон улсад шударга сонгуулийн нэг үзүүлэлт нь сонгуулийг зохион байгуулж байгаа байгууллага нь хэр шударга байна вэ гэдгээр дүгнэдэг. Сонгууль зохион байгуулж байгаа байгууллагад нь нэг нам олонхи байвал, есөн хүний зургаа нь хуралдаад шийдвэр гаргачих боломжтой нөхцөлд хэзээ ч шударга сонгууль гэдэггүй. Нэг бол намуудаас тэнцвэртэй байгуулдаг, эсвэл улс төрөөс огт хараат бус хүмүүсээр бүрдүүлдэг. Миний энэ жил нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа бас нэг утга учир нь УИХ-д орох юм бол хамгийн түрүүнд Сонгуулийн хуулийг өөрчилнө. Би Улаанбаатарт төрж өссөн хүн. Улаанбаатар хотын өнөөгийн байдал ч гэсэн Сонгуулийн хуультай холбоотой. Хүн амын тал хувь, сая гаруй хүн оршин суудаг мөртлөө 20-хон мандаттай. Улсын төсвийг хураарилах болохоор үлдсэн 56 гишүүн нь аймгууд руу тараагаад авчихдаг. Улаанбаатарын хөгжил ярих болохоор аль аль нам нь нийлээд байнгын цөөнх. Тиймээс хамгийн түрүүнд сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой. Бусад оронд бол мандатыг хүн амынх нь тоотой тэнцүүлэх юм уу 10 хувийн дээш доошоо л байдаг. Ч.Чимид багшийн хэлсэн үг бий. Хууль бол түмэн олонд ээлтэй, төрийн түшмэлд хатуу байх ёстой гэж. Одоо бол манайд эсрэгээр нь болчихоод байна шүү дээ.

-Засгийн газар есдүгээр сарын дундуур Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх гэж байгаа. Гэрээний төслийг их ч олон хүн шүүмжилж, их ч олон хүн дэмжсэн. Та юу гэж бодож байна?

-Дэлхийн банкны зөвлөх байсан нэг хүний номыг уншлаа л даа. Дэлхийн долоон тэрбум хүний нэг тэрбум нь яагаад ингэж үргэлжийн ядуу, хоосон байгаа тухай. Африкийн жишээн дээр бичсэн боловч яг манайх шг санагдсан. Хөгжилд хүрэх дөрвөн занга нь иргэний дайн мөргөлдөөн, байгалийн баялгийн буруу ашиглалт, муу засаглал, далайд гарцгүй байдал гээд үүнээс гарах арга замын тухай бас бичсэн байсан. Швейцарь улсын жишээн дээр. Швейцарь улс далайд гарцгүй, гэхдээ хөгсөн. Хөгжсөн шалтгаан нь хөрш орноо зах зээл олгож ашиглаж чадсан явдал юм байна. Энэ утгаараа Засгийн газар Канад, Английн компанийг татаж хөрөнгө оруулалтаа босгож байгаа нь зөв. Гэхдээ гэрээний нөхцөл дээр ойлгожмгүй зүйлүүд олон байна. Киргиз улс манайхтай ижил гараанаас гарсан боловч хөгжлийн хувьд хоцорч яваа гэж үнэлэгддэг. Гэтэл Киргиз улс “Бороо гоулд”-ын Монголд ухаж байгаа алтнаас ч 10 хувийн ашгийг авдаг юм байна. Яагаад гэвэл тэд өөрийн оронд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг компани биш, төв компанид нь хувь эзэмшдэг учраас хаана ч үйл ажиллагаа явуулж байсан тухай бүрээс нь ашиг хүртдэг. Манайхаар бол “Айвенхой майнз”, “Рио Тинто”-той хувь эзэмших гэрээ хийсэн учраас тэр. Гэтэл манайх “Айвенхоу майнз Монголиа инк” гэж Монголд бүртгэлтэй нэг жижиг компанийн л 34 хувийг эзэмших тухай яриад байгаа шүү дээ. “Рио Тинто”, “Айвенхоу майнз” нь ямар оролцоотой байх юм, ямар ч тодорхой зүйл байхгүй. Хэрвээ Монголд бүртгэлтэй компанид хувь эзэмших байсан юм бол Хөрөнгө оруулалтын гэрээгээр яах юм, манай хуулийн дагуу л явахад болно шүү дээ. Ийм ойлгомжгүй0 хэлбэрээр хувь эзэмших гэж байхын оронд ойлгомжтойгоор нь татвараа аваад явсан нь ч дээр байсан байх.

Б.СЭМҮҮН


Comments

Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Хайрыг мэдэрсэн хүн эрх чөлөөг мэдэрдэг. Хайрыг мэдэрсэн хүн өөрөөрөө байдаг. Өөрийгөө хайрлаг

Сүүлийн бичлэгүүд

. Р.Бурмаа: Хууль гэдэг түмэнд ээлтэй, төрийн түшмэлд хатуу байх ёстой
. Эрүүдэн шүүхээс иргэн та өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?
. Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Баясгалан танаа
. Захидал
. Бүү март!

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. muugii`s
. martin lhuter king
. Monfemnet
. muusain`s

Найзууд

muusain, altansukh, maya, temon, tuvshin, 86400

Бичлэг: 1 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax