Ангилал: Нийтлэл / эссэ /
Их хурлаас улсын дээд шүүх руу урагшаа“Бие хүн эрх чөлөөгөө заяамал гэж ойлгож байхад дарангуйлагчид эрх чөлөөг өөрсдөө өгдөг гэж боддог. Хүмүүс өөр хоорондоо жамаараа зохицон амьдрахаа шударга гэж үздэг байхад дарангуй бодолтнууд шударга ёсыг бид тогтоодог гэж ярьдаг.”
Фридрих А.Хаек
Ш.Л.Монтеське-ийн боловсронгуй болгосон төрийн эрх мэдлийн хуваарьлалтын онол Монгол улсад хэрэгжиж байна уу? Энэ асуулт сүүлийн үеийн телевизийн мэдээг үзэх тоолонд гарах боллоо.
1992 онд Үндсэн хуулиндаа Хууль тогтоох эрх мэдлийг Улсын Их Хуралд, гүйцэтгэх эрх мэдлийг засгийн газарт, шүүх эрх мэдлийг улсын дээд шүүхэд хадгалуулсан билээ. Энэ хадгалуултын хугацаа нь дууссан бололтой. Улсын их хурлаар “Ми-8” нисдэг тэрэгний ослын дүгнэлтийг улсын их хурлын бүлэг урьдчилан гаргаж, буруутанд нь хариуцлага тооцож, магадгүй заримдаа шүүхийн мэтгэлцээнийг ч өрнүүлэн авна.
Монгол улсын дээд шүүхийн үйл ажиллагаануудыг улсын их хурал ч гүйцэтгэх болсон мэт.
Улсын дээд шүүхийн үйл ажиллагаа нь
- Хуульд албан ёсны тайлбар гаргах
- Шүүхийн практикийг судлан, зөвлөмж гаргах
- Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх гэх мэт.
Харин Улсын их хурал хуулийн зүйл заалтанд зарим үед тайлбар гаргаж, түүнийгээ өөрөө өөрсдийнхөөрөө гуйвуулан ашиглана. Тухайлбал: “Эх орон Ардчилал” эвсэл тарснаар Ардчилсан нам бүлэг байгуулсан үйлдэл юм. Эвсэл тарсан ч Үндсэн хуулийн дагуу улсын их хуралд суудалтай нам 8-аас доошгүй гишүүдтэй бол эвсэл байгуулж болно гэсэн зүйл заалтыг гуйвуулан тайлбарлаж бүлэг байгуулсан билээ. Энэхүү үйлдэл нь иргэн Х.Тэмүүжин, Баяраа нарын Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, цэцийн дүгнэлтээр Ардчилсан намын бүлэг байгуулсан үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн. Харин ардчилсан намынхан үүнийгээ зөвлөл болгож, хуулинд зөвлөл байгуулахыг хориглосон заалт байхгүй хэмээн тайлбарласнаар өнөөг хүртэл зөвлөл нэртэй улсын их хурлын бүлгийн үйл ажиллагааг явуулж байгаа юм.
Улсын их хурал дахь МАХН-ын бүлгийн дарга Идэвхтэн Ми-8 нисдэг тэрэгний хэргийн талаар дүгнэлт гарган хэлэхдээ шүүх, хяналтын байгууллагууд эдгээр асуудлыг анхаарна гэдэгт найдаж байна хэмээн хэлсэн нь шүүх, хяналтын байгууллага зөвлөмж болсон мэт.
Мөн саяхан Улсын их хурал туул голын ус бохирдсон асуудлыг хэлэлцэн ус суваг ашиглалтын газрын даргыг дуудан байцааж байх юм. Бүр сүүлдээ ус суваг ашиглалтын тендер хууль бус болсон байна хэмээн дүгнэлт ч гишүүд гаргаж байх шиг.
Зарим нэгэн гишүүд нь дээлийг чинь нөмрүүлнэ хэмээн ярьж, нөгөө хэсэг нь бөө мөргөлтэй гэдгээрээ сүрдүүлнэ. Яг л гудамжны шүүх хуралдааны танхим мэт. Угтаа их хурлын маань гүйцэтгэх гол ажил хууль батлах асуудал билээ. Харамсалтай нь их хурлын үйл ажиллагаа өөрчлөгдөж хэн нэгний хууль бус шийдвэрийг хэлэлцэж, эсхүл хэн нэгний буруутай үйл ажиллагааг тогтоох шүүх эрх мэдлийн ажлыг хийх болсонд судлаач миний зүгээс тун сэтгэл дундуур байна.
Эцэст нь Ван хааны хэлсэнчлэн:
бөөр бөгсөнд байг
цэр цээжинд байг
Их хурал нь хуулиа баталдаг байг
Шүүх нь хэрэг маргаанаа хянан шийдвэрлэдэг байг хэмээх үгээр бодрол эхлүүлье…..