Ангилал: Нийтлэл / эссэ /
Хууль Монгол“ Хуулийг улс төрийн луйвар болгон нийгэмд хэрэгжүүлэхээс илүү хор хөнөөлтэй, бусармаг, зүйл гэж үгүй. Хэрэв ингэх аваас төр гэдэг хуулийн нэрээр түрий барьж бусдын хүч хөдөлмөрөөр амиа зогоох гэсэн хэсэг хүмүүсийн хэрэгсэл төдий зүйл болон хувирна”
Фредерик Бастиа
Ф.Хайк “Эрх чөлөөний Үндсэн хууль” бүтээлдээ “Хууль нь тусгай хувь хүмүүсийн үйл ажиллагааг зохицуулах зорилгогүй, ерөнхий, хийсвэр байх ёстой, хуулийн заалт тодорхой байх ёстой ингэснээр хүмүүс хийх гэж буй үйлдэл нь хуульд нийцэж байна уу? үгүй юу? гэдгийг мэдэх боломжтой болно” хэмээн хуулийн үндсэн гурван зарчмыг тодорхойлсон байдаг.
Эрх зүйн онолын үүднээс авч үзвэл: Эрх зүйн / Хуулийн / хэм хэмжээ гэдэг нь төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн, бүх нийтээр дагаж мөрдөх, хэрэв түүнийг зөрчсөн тохиолдолд төрийн албадлагаар хамгаалагдсан шинжтэй байдаг. Ө.х хууль бүх нийтийн ашиг сонирхолд тулгуурласан байх үндсэн, суурь зарчмыг агуулсан байхыг шаарддаг. Хэрэв нийтийн ашиг сонирхолд тулгуурлаагүй, хэн нэгэн этгээдэд зориулагдсан хууль батлагдвал Үндсэн хууль зөрчсөн явдал болж хүчингүй болох ёстой.
И.Кантын хуулийн засаглалын филисофи, эртний грекчүүдийн хууль бол хүний хүсэл зоригоос дээгүүр зүйл хэмээх үзлүүдийг бид санах хэрэгтэй.
Хуулийн засаглал /эрх зүйт төр / -ыг Үндсэн хуулиараа тунхагласан Монгол улс маань хууль батлаж чадаж байна гэж үү? Тэдгээр батлагдсан хуулиуд нь хуулийн үндсэн зарчимд зарчимд тулгуурласан уу? Гэх мэт олон асуултууд урган гарч байна.
Их хурал маань АНУ-ын конгрессийг үлгэрлэн дуурайгаад байх шиг санагдаж байна. 1979 онд Конгресс Крайслер компанид 1.5 тэр бум долларын зээлийн баталгаа гаргаж, Арчэр Данэйлс Мидландын компанид татварын тусгайлсан хөнгөлөлт үзүүлэх тухай хуулиудыг батлан гаргасан байдаг.
Саяхан УИХ-аас хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах хууль гаргаж, төсвийн тодотголд түүнийгээ оруулаад амжчихлаа. Нөгөө талаар УИХ хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт тулгуурласан хуулиудыг удаа дараа батлан гаргаж байсан билээ. Тухайлбал: Татан буугдсан Ардын эрх, засгийн газрын мэдээ сонины өмчийг хувьчлах тухай 1999 оны хууль, “Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-ийн ОХУ-аас импортлож байгаа цахилгаан эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2005 оны хууль, Улс төрийн зарим албан тушаалтанд тэтгэмж олгох тухай 1997 оны хууль гэх мэт хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд тулгуурласан хуулийг батлан гаргасан байна. Угтаа хууль хэмээх нь бүх нийтээр дагаж мөрдөх шинжтэй байдаг. Харин энэхүү хуулиудыг иргэд хэрхэн биелүүлэх нь тодорхой бус юм. Ө.х УИХ маань тогтоол, хууль хоёрын ялгааг сайн салган ойлгох чадваргүй бололтой.
Дээрхээс үзвэл Монгол улс маань эрх зүйт төрийг байгуулсан эсэх нь тодорхой бус мэт. Ямартаа ч өнөөгийн Их хурал хуулийн засаглал, эрх зүйт ёсны үндсэн зарчим, хууль гэж юу болох талаар анхан шатны ойлголттой юу? гэдэг нь эргэлзээтэй хэвээр таны оюун бодролд өөрийн гэсэн дүгнэлтийг өгөх биз.
“Lex injusta non est lex”
Шударга бус хууль бол хууль биш