Ангилал: Өгүүллэг

Зүрхнээс ундран гарах сэтгэлийн үгсээ урсгасан энэ захидалыг унших өдрийн мэндийг хүргэе!
Жаргалдаа ташууран алдаж, эндэж явсан гэнэхэн насны минь дуудлага, анхны алтанхан дурсамж минь болсон өнгөрсөн үе чамдаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсье!
Өнгөрсөн хоёр жил бидний хувьд зүсэр бороонд урсах нулимс, зүүд зэрэглээнд учрах үлгэр мэт гайхах, харамсах, туршлагажих тийм л он жилүүд байлаа. Хав харанхуй орчлонд гар гараасаа барилцан бүдрэх үедээ бүдэрч, дүйлэн нисэх үедээ нисч, хэтэрхий их хайрандаа мансууран төөрөөлдсөн, хэнзхэн цэцэг мэт дэлбээгээ нээж ч амжалгүй мөхсөн тийм л он жилүүд байлаа. Хэдий тийм он жилүүдийн нугачаанд нуугдсан ч бидний хайр хөгжил, хөөр, баясал бүхнээр жигүүрлэн дүйлэх хараацай шувуу мсэт түнэр харанхуйн түүдэг гал нь болж цаг хугацааны урсгал болон урссан билээ. Гудамжаар хөтлөлцөн бусдыг харчих вий хмээн ичингүйрэн зугаалсан алхаа бүхэн минь дуусашгүй их хайрын түүдэг галаа дундрашгүй хагацлын далай руу чиглүүлэн явснаа бидэн хоёр яахан мэдэх билээ дээ. Анхны үерхэл, анхны үнсэлт гээд амьдралд амссан мэдрэмж бүхэн оюун бодролд минь хэзээч мартагдашгүй дурсамжуудын хаан нь болон эзэгнэж байх шиг.
Гэвч одоо алдаа, онооны зүрх сэтгэлийн дэнсээ дэнслүүлэн хайрын шударга үнэний шүүхийн өмнө чамдаа энэхүү захиаг бичиж сууна.
Бидэн хоёр жаахан байждээ! Улаан сарнайн дэлбээгээр хүрээлэн чимэглэсэн дурлалын нахиагаа усалж, ундаалж, халамжилж ч чадаагүй бидэн хоёр жаахан байж. Хэн хэнийхээ дээр гарч бие биенээ өмчлөн захирах гэсэн тэр л сувдаг сэтгэлүүд минь жаахан байж. Хэрүүл уруулаар хөөцөлдөж, зөрүүдлэн жаргаж үзээгүй үерхэлийн зулаа хамтдаа унтраасан тэр л храктерууд минь жаахан байж.
Тиймээ! Найз нь ухаангүй байж.
Учран золгосон учрал бүхэндээ амин хувиа хичээж хамтдаа, хамтдаа гэж шаналгах шаналал бүхэн минь ухаангүй байж. Уруулын бал амтыг чинь мэдрэх гэж шуналтсан тэр л тачаалууд минь ухаангүй байж. Мөч бүр чамайгаа алдчих вий гэсэн айдсууд итгэлийн гэгээхэн асрыг минь нурааж там, диваажин нь үл мэдэгдэх уур хилэн, гуниг харууслын ордныг бүтээж ерөнхийлөгчөөр нь хардалтыг томилсон би ухаангүй байж.
Улиран одох гутрал, тунирхал бүрт чинь би буруутай.
Анд нөхөдтэйгээ баясан цэнгэж, инээд хөөрөөр бялуурсан цаг хугацааг чинь чөдөрлөж, ахиад л ахиад л чи намайг найз нараасаа дорд үзлээ хэмээн бухимдан, нэг ч хором өөрөөсөө холдуулах дургүй атгаг санаануудаараа зүрхэнд чинь дэлбээлэх хайраа аажим аажмаар тасдан хаясан би буруутай. Амаргүй даваа бүртээ дайралдахдаа дааж чадамгүй их ачааг үүрүүлэн алдаж сөхрөх, сөхрөлүүдийг чинь хүлээсэн хүлээлт бүхэндээ буруутай.
Найз нь чиний хийсэн алхам бүр зөв гэж боддог шүү!
Тээвчихийн аргагүй доромжлолуудын өмнө өвдөг шороодолгүй бидний хооронд бий болсон нандин холбоогоо хадгалах гэсэн бүх оролдлогууд чинь зөв байсан. Эргэх орчлонд намайг хайрлахгүй бол чамайг хайрлаж чадахгүй нь гэсэн амьдралын хуулийг даган дурлалын цаазын тогтоолоо гаргасан салалт чинь зөв байсан.
Тиймээ! чамайг хайрлаж чадах хүнийг сонго! Дулаахан итгэлээрээ бүхнийг чинь чимж, учирлан жаргах тэр л хайраа сонго! Тэнгэр баганадсан халамжаараа эрх чөлөөг эдлүүлж, хамгаас төгс байлгах бурхан шиг гэгээхэн, ухаалаг тэр л дурлалыг сонго! Хамаагүй ээ! Орчлон хорвоо сөнөж, нар жаргасан ч хамаагүй миний хайр зүрхэндээ жаргалын очоо тээгээд анд руу минь явдаа гэж дотроо бодолхийлон зориглосоноо одоо нуух юун.
Чамайг найз руу минь явахад би огтхон ч гомдоогүй ээ, тэр л сонголт чинь зөв байсан.
Одоо бодох нь харамсмаар ч юм шиг…
Хайр гэж мэдэхгүй хардаж, сэрдэж, уурлаж, бухимдаж, гомдоосон гомдол бүхэндээ уучлалт гуйж чадаагүй явснаа ойлгохгүй юм. Уучлаарай миний экс хонгор!!! Сохорсон зүрхүүд минь энэ л хувь заяаг бүтээж.
Хэн хэндээ хайртай байсан хэрнээ хэзээч бүтэхгүй дурлал гэж байдаг юм шүү! Бидний хайр тийм л байждээ. Болдогсон бол цаг хугацааны машинаар аялан дахин нэг учрах юмсан. Дөнгөлж орхисон зүрхийг чинь чөлөөлж, бие биенээ ойлгон, бие биендээ хайрын хэлээр харилцан дэлхий ертөнцийг утгажуулах юмсан. Хонгилын үзүүр болгонд гэрэл асаан, хүн бүрт хайраа түгээн, хайрын гэрлийг хамтдаа асаан мандуулах юмсан. Асааж ч амжаагүй мөрөөдөл бүхнээ биелүүлж, амьдралыг гэгээрүүлэх юмсан. Даанч хэтэрхий оройтож !
Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрдөггүй шиг гунигт дурлалын түүх чинь дурсамж бүхнээ тээгээд чин зүрхнээс чинь үүрд гээгдье дээ!
Тэртээд одох хайр минь ухаарлын ариун хаалга байжээ. Тэр л хаалгаа нээгээд өөр өөрсдийн жаргалын төлөө хагацъя даа! Би чамдаа хайртай байсан юм шүү!