Ангилал: Нийтлэл / эссэ /
Ардчилал эрийн цээндАрдчилал чамд бичсэн захидал
Ван ямин Нанжин хотын захад салхинд гарчээ. Нөхдийх нь нэг: гэнэт хадан дээр ургасан цэцгийг хараад, тэнгэрийн дор зүрхнээс ангид зүйл үгүй гэдэгсэн. Гэтэл энэ цэцэг бөглүү уулын мухарт өөрөө дэлгэрээд аяндаа гандаж байдаг. Миний зүрхнээс ямарч хамааралгүйгээр шүү дээ. Энэ цэцэг зүрхнээс ангид юм биш үү? гэжээ. Ван ямин: Чамайг цэцгийг олж хараагүй байхад цэцэг ч тэр, чиний зүрх ч тэр адилхан элдвийн хамааралгүй байв. Чамайг цэцгийг харангуут л өнгө нь хувирч чиний ухамсарт шингэчихэж байна. Иймээс энэ цэцэг, чиний зүрхнээс ангид оршоогүй нь тодорхой байгаа биз? хэмээсэн гэдэг. / Ван ямин 1472-1529 он /
Бидний зүрх сэтгэлд оршин, эрх, эрх чөлөөний гүн бат хөрсөн дээр ургасан хөх яргуй тэртээх хайр, энэрэлээ далдлан нууж, сэтгэлдээ баг өмссөн аймхай, хулчгар нийгмийн хэнээрхэл дунд өөрөө өөрийгөө хайрлах сэтгэлийн очоор мэндэлсэн билээ. Тэртээд сүүмийх Сүхбаатарын хөшөөний дэргэд залуусын дуу хоолой нэгэн зүгт тэмүүлэн, хэлбэргүй дарангуйллын хөшөөт цайзыг нураан, шударга үнэний шүүхийн дэнсийг дэнслүүлэн Социализмын үнэт зүйлсийг шүүгдэгчээр оролцуулан ялж мэндэлсэн билээ. Нярай ардчилалын салхи тэнгэрийн тамгатай Монголын тэлмэн саран болж иргэн бүрийн хуучинсаг үзлийн зүүднээс эрх чөлөөний хонхыг цуурайтуулан сэрээж, хэзээ ч нэгдээгүй дэлхийн нэгдлийг агуулан бүрэлдэж сая, сая хүмүүсийн гайхшралыг дагуулан мэндэлсэн билээ.
Бага балчир ардчилал алхаж, гишгэж, ярьж сурах гэж мянган мянган хүмүүсийн дургүйцэл, эгдүүцлийг хүргэсэн ч өнөөх итгэлийн очоо өвөртөлсөөр мал, орон сууц мэтээр өмч хувьчлалын анхны алхаагаа хийсээр хөлд орж, цоохор ертөнцийн цонх нь болон алдаж, онож, ухарч, бүдэрч байсан ч бүүдгэр авилгачдын эсрэг хатуухан сөрөн урагшилсаар хөл алдахад эдийн засаг хямарч, инфляци өсөн, улсын үйлдвэрүүд дампуурч, шил шилээ дагасан үнэгүйдэл хаа сайгүй явагдсаар дөнгөн боссон ардчилалыг дахин нэг суулгаж өвдөг шороодуулж, дөнгөлж орхив. Хэдий дөнгөт орчлонгийн хуучинсаг үзэл хагацаагүй байсан ч лебрал хэмээх үгийн сураар гав, гинжээр ороолгосон биеэ чөлөөлж өдгөө эрийн цээнд хүрэн эр бор харцага шиг дүйлэн ниссээр хөх толбот Монголын оюун бодолд ардчилал гэгдэх 8-хан үсэг хэзээ ч үл арилах эрх чөлөөний хадан хясааг босгожээ.
Цэцэнүүдийн дунд тэнэг явахад цэнгэл жаргал элбэг олдох юм
Тэнэгүүдийн дунд цэцэн явахад тэрнээс илүү зовлон алгадаа
Яаж ч болохгүй залхуу энэ орчлонд яархаа мэдсэн юм бол
яах гэж би эрт төрөө вэ? хэмээн зарим нэг нь харуусан зүрхэндээ дэлбээлсэн эрх чөлөөний галыг унтраалгүй амиа хүртэл өгч байсан тэр л нийгэмд хэсэг залуус өөр өөрсдийн эрх чөлөөний филисофиор нэгдэн ардчилал, капитализм хэмээх агуу ухагдахууныг судлаж эх орондоо цогцлоон бүтээхийг зорьж билээ.
Би бээр 4 настайдаа аавдаа тэврүүлэн Сүх ахын талбайд төрсөн өдрөө тэмдэглэн явахдаа урт, урт пальтотай амандаа маск зүүсэн хүмүүсийн дунд учраа мэдэхгүй инээвхийлэн зогсож байснаа санах юм. Аав маань хөлчүүрхчихээд Хонхны дууг аялан агсам тавьж ах намыг үзэн ядсан мэт зурагттайгаа хий дэмий л хэрэлдэнэ. Чингээд бодхоор хүмүүс энэ ардчилсан хувьсгалыг хүлээж байсан ч юм шиг. Р.Чойномыг тэр үеийн залуучууд бүгд уншиж харанхуй шоронгийн цаанаас гэрэл цацруулсан үгсийг шидлэхэд нь тухайн үеийн дарга нар хувьсгал гарах вий дээ хэмээн болгоомжилж байсан биз. Ямартаа ч тэр л цагаас хүмүүсийн бухимдал нэг нэгээр нэмэгдсээр хэсэг залуусын хөгжлийн дуу хоолойг амархан хүлээн авсан байх. Анх 10, 20-уулаа алхаж байсан залуустай 8 настай балчираас 80 настай буурал өтгөс хүртэл өргөсөн 90000-уулаа болтлоо тэлж улмаар хүн бүр ардчилал хэмээн амандаа сайрхаж, түүнийг хүлээн зөвшөөрнө. Анх удаа Үндсэн хуулиа ардчилсан хэлбэрээр батлан, эрх чөлөөнийхөө үзэл баримтлалыг тамгалж орхив. Гудамжаар алхах хүмүүс зам хөндлөн гарахдаа миний эрх, чиний эрх хэмээн хэрэлдэн зогсохыг хараад ямартаа ч ардчилал хүмүүсийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн юм байнадаа гэж бодовч хөөрхий эрх чөлөөний үнэгүйдлийг түгээж яваа хүмүүсийг хараад өрөвдөх мэт.
Ардчилал нэг үеэ бодвол хүн бүрийн чихэнд дэлсэж, иргэн бүр ардчилсан нийгмийг хүсэн тэмүүлдэг болжээ. Гэвч ардчилсан нийгэм, иргэний нийгэм, эрх зүйт төр гэж чухам юу болох талаар үл мэдсээр л төрийг дээдлэх, нэг хүнийг дахин шүтэх үзэл урьдын адил бат бөх оршсоор л байна.
Эрийн цээнд хүрсэн ардчилалын
Боловсролын төлөөх замнал
“Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ? Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ?” Хэмээн Б.Ренчин гуай хэлсэн байдаг. Хүн бүр эрдэм номын мөр хөөн, толгой дараалан эрдэмтэн мэргэд төрж байсан цаг саяхан.
1990 оноос өмнө Монгол улсын Дээд, тусгай, дунд боловсролтой 100000 гаруй боловсон хүчинтэй статистик мэдээ гарч “ Хөдөлмөрийн сэхээтний бүхэл бүтэн давхрага ” бүрдсэн тухай бахархдаг байлаа. Тэр цаг үеэс хойш төрийн бус өмчийн их, дээд сургуулиуд олноор байгуулагдаж өдгөө 189 их, дээд сургууль мал хээлтүүлгээс эхлүүлээд эрх зүйч мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагаа явуулж энэ тоо 3 дахин нэмэгдсэн байна.
Монгол улс бичиг үсэггүй болох конвенц санаачлан НҮБ-ын хөтөлбөр боловсруулан ажиллаж иргэн бүр боловсролтой байх зорилт дэвшүүлэн, түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсэн билээ. Ардчилал хөгжөөд эрийн цээнд хүрсэн он жилүүдэд оюуны боловсролыг түгээн гадаад, дотоодын олон арван их, дээд сургуульд суралцсан залуучууд маань хөгжлийн тухай хүүрнэн ярилцахдаа нэгэн дуугаар боловсролын талаар санаа зовниж буйгаа илэрхийлж байх юм. Нөгөө 189 их, дээд сургууль боловрол эзэмшүүлж байхад тэд яагаад боловсролын төлөө сэтгэл зовнив? Энэ асуулт өөрийн эрхгүй анхаарал татах шиг.
Ардчилал, улс орны хөгжил нь боловсролтой иргэдээс хамаардаг тухай Ричард Никсон / АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч / өгүүлсэн байдаг. Үнэхээр ардчилалын алтан өлгий гэгдэх АНУлсын иргэд нь өндөр боловсрол эзэмшиж, жинхэнэ Либертари нийгэм, Либрал засаглалыг бүрэлдүүлж чаджээ. Учир нь Америк хүн бүр зүрх сэтгэлдээ эрх чөлөөний филисофид суралцан, төрөлхөөсөө эрх чөлөөг хүсэмжлэх мэт зүрх сэтгэлийн боловсролыг багаасаа эзэмшин төр бол надад үйлчлэх үйлчлэгч хэмээн ойлгодог ажээ. Манай дүү 7 настайдаа АНУ явж тэндхийн сургуульд амжилттай суралцаж байгаа юм л даа. Нэг удаа дүү маань гэрлэн дохиогоор гарах тоглоом тогложээ. Улаан гэрлээр гарвал машинд дайруулан ялагдана, ногоон гэрлээр гарвал машин хэмээх атгаалжин хар мангасыг даван дийлнэ гэнэ шүү! АНУ-д бүр багаас нь эрх зүйн боловсрол, сэтгэл зүйн бусад боловсролыг өгч байхад Монголд зөвхөн хэдэн тоотойгоо зууралдсаар тэр нь амьдралд хэрхэн хэрэгтэйг үл мэдсээр дунд сургуулийг төгсөж, учраа мэдэхгүй буруу мэргэжлээ сонгон сонирхолгүй хичээлээ үзхээр лекц дээрээ нойр хулжсаар 4 жилийг ардаа орхин сайн боловсон хүчин, сайн авилгач болохоос өөр аргагүйд хүрнэ. Зөвхөн Монгол иргэд, Америк иргэдийг харьцуулвал Монгол иргэд зам хөндлөн гарахдаа заавал гарцгүй газраар гарч, гудамжинд хог хаяж, хэн нэгний хаясан эд зүйлийг олох юм бол олз мэт сэмхэн туучихна. Гэтэл Америк нөхөр гарцаар гарч, хогийг хогийн саванд нь хийж, бусдын эд зүйлийг энэ хэнийх вэ? хэмээн орилж олохыг хичээнэ олохгүй бол гээгдүүлсэн эд зүйлсийг нь цагдаагийн газарт өгчихнө. Гэтэл Монгол иргэд нь жагсаал болохоор хажуугаар нь төрийн төлөө огтоно боож үхэх нь ээ юун сүртэй юм хэмээн хэнэг ч үгүй гарч одоход Америкчууд жагсаал ямар зорилго, юуны тухай болохыг мэдэж, түүнд ямар нэг байдлаар оролцоно энэ л харьцуулалтад Монгол, Америк хүний сэтгэл зүйн боловсрол харагдана. Монголд академик боловсрол элбэгшиж, нөгөө сэтгэл зүйн боловсролоо хаяжээ. Эрийн цээнд хүрсэн эр хүн сэтгэл зүй нь төлөвшиж, мэргэжлээ сонгодог шиг ардчилалын өмнө одоо засаглалын хэлбэрээ сонгох цаг иржээ. Лебрал уу? Консерватив уу? Иргэддээ сэтгэл зүйн боловсролыг түгээн эгэл хүний өөрийн өмч бол эрх чөлөө хэмээн тунхаглах уу? Уламжлалаа дагасан эрх чөлөөний бүдүүлэг филисофийг сонгох уу? Ямартаа эрийн цээнд хүрсэн ардчилал өнгөрсөн хугацаанд Академик боловсролд шамдан суралцсан бол өдгөө Сэтгэл зүйн боловсролд суралцах, түүнийг хөхүүлэн дэмжин иргэддээ эрх чөлөө бол та нарынх өөр юу ч биш хэмээн цагаан хоолойгоо хангинуулан дахин нэг хонх цохих хэрэгтэй болжээ.